ЭРХЭМ ТАНЫ АМРЫГ ЭРЭН МЭНДЧИЛЬЕ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилж байна. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Өдгөө Нийслэл хотын 1.5 сая хүн амын 53 орчим хувь нь тохилог орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 47 хувь нь ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж зэрэг инженерийн болон нийгмийн суурь дэд бүтэц хүрэлцээгүй, олон улсын жишигт үл нийцэх гэр хороололд амьдарч байна.

Улаанбаатар хотын газар нутгийн 58,2 хувийг гэр хорооллын эзлэх бөгөөд төлөвлөлтгүй тэлсээр 23 орчим га талбайд хүрээд байна. Үүнээс 23,9 хувийг төвлөрсөн инженерийн дэд бүтцийн хангамжид ойр төвийн бүс, 28,8 хувийг төвлөрсөн дэд бүтцийн хангамжаас зайтай, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдох боломжтой дундын бүс, 50 гаруй хувийг төвлөрсөн дэд бүтцэд холбох боломжгүй захын гэр хорооллын бүсэд хамаарна.     

Гэр хорооллын бүс өсөн нэмэгдэж байгаа нь агаар, хөрсний бохирдол ихсэх, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, Улаанбаатарчууд бидний өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг юм.

        Орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд, бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, хөгжлийн шинэ түвшинд гаргах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллах шаардлагын дагуу манай байгууллагын хамт олон нийслэл хотын гэр хорооллыг нийгэм эдийн засаг, экологи, соёл боловсролын тогтвортой хөгжлийг хангах суурьшилын бүс бий болгон хөгжүүлэх эрхэм зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллаж, бодитой үр дүнд хүрлээ.

        Нийслэл хотод 2013 онд хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин зохион байгуулах төслүүдийн хүрээнд 3136 айлын газар чөлөөлөлт хийж, төвийн бүсэд 17,984 орон сууцыг ашиглалтад оруулж, дундын бүсэд гэр хорооллын айл өрхийн хашаанд нь дэд бүтцийн хангамжийг холбох Дэд бүтцийн төв төслийг гурван байршилд хэрэгжүүлж, 600 гаран айл өрхийг холболоо. Мөн 2023 онд батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийгмийн зайлшгүй хэрэгцээг нарийвчлан тодорхойлж түүнийг үндэслэн дэд төвийг түгшиглэсэн орон сууцжуулах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин бий болоод байна.           

         Цаашид Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйлсэд иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, хамт олноо манлайлан, хамтран  ажиллана гэдгээ илэрхийлэн, хамт олныхоо нэрийн өмнөөс та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

ТӨР МИНЬ ТҮВШИН, ТҮМЭН ОЛОН МИНЬ

АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

 

ХҮНДЭТГЭСЭН:

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН

ГАЗРЫН ДАРГА Г.ГАНХҮҮ