“УЛААНБААТАР–СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Улаанбаатар–Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд “S-QUAD” төслийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Барилга, хот, орон сууцжуулалтын яам, нийслэл болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, БНСУ-ын их, дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, орон сууцны бодлого, хот байгуулалтын чиглэлээр харилцан туршлага солилцож, санал бодлоо хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Сөүлийн Үндэсний Их Сургууль, Ёнсэй их сургуулийн эрдэмтэн, судлаачид, Сөүл хотын Орон сууцны корпорацийн төлөөлөл орон сууцны бодлогын шинэчлэл, хорооллын төлөвлөлтийн чиг хандлага, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт хотын стандартын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК зэрэг байгууллагуудаас Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслийн хууль эрх зүйн орчин, орон сууцжуулалтын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллийг танилцууллаа.
Тус хэлэлцүүлэг нь хоёр улсын орон сууцны бодлогын чиглэлээр харилцан туршлага солилцож, орон сууцны бодлогын шинэ шийдэл, хөгжлийн чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.