ГЭР БОЛОН БАЙШИНГИЙН ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЦГЭЭЕ

 ГЭР БОЛОН БАЙШИНГИЙН ДУЛААН АЛДАГДЛЫГ БУУРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЦГЭЭЕ
Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой.
Байшингийн дулаан алдагдлыг бууруулах аргуудаас:.
1. Барилгын хашлага хийцийн дулаан дамжуулалтыг багасгах, үүний тулд нэмэлт дулаалга хийх;
2. Агаар нэвтрэлтийн алдагдлыг хязгаарлах, үүний тулд цонх, хаалганы завсар зайг битүүмжлэх/чанар сайтай цонх, хаалгаар солих, завсар зай нүх сүвийг таглах байдлаар ерөнхий битүүмжийг сайжруулах;
3. Гадна болон дотор агаарын температурын зөрүүг багасгах замаар дулааны алдагдлыг бууруулах, үүний тулд шөнийн цагт болон ашиглалт багатай өрөөний температурыг бууруулж байх. Жишээ нь, халаах хэрэгслийн термостат вентилээр усны температурыг тохируулах, бууруулах гэх мэт;
4. Гарч болох дулааны бусад алдагдлыг бууруулах, үүний тулд цонх, гадна хаалга нээлттэй байх үеийн “хяналтгүй” дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, тусгаарлах хөшиг, хаалт ашиглах, зуухны болон камин зуухны яндангаар дулаан алдагдахыг хязгаарлах гэх мэт.
Барилгын дулааны алдагдлыг дээр дурдсан аргуудаар бууруулахаас гадна эрчим хүчний нийт хэрэглээг бууруулахад дараах зүйлүүдийг анхаарах нь чухал.
Үүнд:
– Түлшийг үр ашигтай зарцуулах. Үүний тулд халаалтын зуухны ашиглалтын үеийн тохируулга, засвар үйлчилгээг чанартай бөгөөд тогтмол хийж байх;
– Халуун ус гаргаж авахад зарцуулах эрчим хүчийг хэмнэх. Үүний тулд халуун усны температурыг багаар тохируулан хэмнэлттэй зарцуулах;
– Цахилгааны эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах. Үүний тулд шөнийн тарифт тоолуур тавих, цахилгаан эрчим хүчний зарцуулалт багатай тоног төхөөрөмж сонгох.