Төслийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэл Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй орон сууцжуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 18-ны өдөр төслийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Одоогоор Нийслэл Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтаар
- Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл
- Ногоон – Улаанбаатар орон сууц төсөл
- Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
- Ногоон нуур 1008 айлын орон сууцны төслүүд хэрэгжиж байна.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын амын 10 га талбайд Бүгд Найрамдах Солонгос улсын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг, эрчим хүчний хэмнэлттэй, бага дунд орлоготой өрхөд нийцсэн 14 блок, 10 давхар, 2007 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөгдсөн. Тус орон сууцыг барих нээлттэй тендерийг 2024 онд зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгараад байна.
Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Ханын материал орчмын 5 га талбайд “Ногоон – Улаанбаатар орон сууц төсөл”-ийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй 712 айлын орон сууцны хорооллыг барих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь 2020 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулснаар үндсэн үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар төслийн 1 дүгээр үе шатны 800 айлын ногоон орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд барьж, 2025 онд 260 айлын орон сууцын ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл” төслийн явцтай танилцлаа. Уг төсөл нь 84833,6м2 талбайд 8 блок 21 давхар 1008 айлын орон сууцны барилга, 271 автомашины зогсоол бүхий орчны тохижилт, зам талбайн хамт иж бүрэн шийдэлтэй төсөл юм.