Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг энэ сарын 24-нд нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих талбайд ажиллалаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг барина. Дээрх 2.206 нэгж талбараас өнөөдрийн байдлаар 1500 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Уг төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг энэ сарын 24-нд нээнэ. Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон сууц, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих юм. Үргэлжлүүлэн маргааш дараагийн 10 га талбайд барилга угсралтын ажлын тендерийг зарлана.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 10,11 дүгээр сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган айлын орон сууц барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгахаар төлөвлөж байна. Уг 12 мянган айлын орон сууц Монгол улсад анх удаа зэс трубогоор сантехникийн тоноглол хийсэн, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр хэрэглээний зарим тогийг хангах боломжтой эко дулааны алдагдал багатай хороолол болно. Мөн нийт газрын 60 хувьд нь орон сууц барих бөгөөд үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болж байгаа гэдгийг онцолмоор байна” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “МУ-ын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутад авах хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Улаанбаатар хот нэгдсэн нэг л төлөвлөгөөгөөр хөгжих ёстой. Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Тэгвэл Засгийн газраас 2024-2028 онд үүнээс 2 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүнд метро, орон сууцжуулалт, зам зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтана. Бүтээн байгуулалтад оролцох хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжинэ. Манай улсын зээлжих зэрэглэл ахисан сайхан мэдээ өнөөдөр ирлээ. Энэ бидэнд томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд эерэг нөхцөл бүрдүүлнэ” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС